2012-10-08,22:57

Сүүлчийн бороо

Нэг л бүүдгэр өдөр. Сэтгэлд гуниг төрнө. Хэн нэгнийг л хүлээгээд байгаа мэт. Чухам хэнийг хүлээснээ мэдэхгүй атлаа заавал ирэх ёстой гэсэн итгэлээр би дүүрэн байлаа. Бүх зүйл цонхны цаанаас дэндүү жижиг бас бүдэг юм. Айснаасаа болоод ч тэрүү дэмий л цонх ширтэнэ. Цонхны цаана харах юм юу ч үгүй атал би хараад л сууна мөн хүлээнэ.
Хэр удаан хүлээхээ би үл мэдэх ч гэсэн байнгын цаг хараастай. Өдрийн 1цаг. Дахиад 1 цаг үлдлээ. Энэ хугацаанд ирэх болов уу? Ийм л бодол эргэлдээд салахгүй юм. Хажуугийн орны эгч надад санаа зовсон бололтой: 
-Чи юм уугаач, Өглөөнөөс хойш юм уугаагүй ам чинь хатахгүй байна уу? 
-Үгүй дээ. Хэдий уумаар байгаа ч гэсэн ууж болохгүй шүү дээ 
-Өө тийм шүү дээ. Эгч нь мартчихаж. За ямартай ч эрүүл болоод гарч ирэхээс хойш 1-хэн цаг тэсээрэй 
-Тэгнээ (хэхэ) 
Ингээд л дахиад өрөөнд нам гүм, 2уулаа байгаа хирнээ би маш их ганцаардаж байлаа. Толгойг минь нөгөө бодол л бүр мөсөн эзэмдэж байна. Тэгээд сүүлдээ хагалгаанд орохоосоо өмнө ийм баталгаагүй хэрэггүй юм бодож сууснаас өөрийнхөө хамгийн их аз жаргалтай байсан мөчөө бодъё гэж шийдлээ. Ингээд нүдээ аниад бодолхийлж эхлэв. Хамгийн жаргалтай мөч минь юу билээ гэж... 
Ааа саналаа. Би борооноор гүйж байхдаа л хамгийн их жаргалтай байсан юм байна шүү дээ. Тэгэхдээ зөвхөн амьдралын минь бороотой үдсэн дурсамжууд л санаанд бууна. Шинэхэн борооны дуслууд байгал эхийг усалж буй тэр дүр зургыг сэтгэлдээ би буулгаад дахин бороо орохыг хармаар санагдав. Хүслийг минь таасан мэт борооны дуслууд цонхны тавцан дээр тог тог хийн дусаллаа. Энэ чимээг сонсоод чихэндээ ч итгэсэнгүй. Үнэхээр Энэ жилийн анхны бороо өнөөдөр, бүр яг одоо орлоо гэж үү? Итгэмээргүй юм. Миний гунигт автсан сэтгэл энэ бороонд юу ч үгүй хийсэн одоод харин баяр баясгалан намайг бялхуулав. Баярласандаа цонхоо онгойлгоод гарынхаа алгыг тосоод тэнгэр өөд инээмсэглэлээ. Яг энэ л үед гадаа гарахыг маш их хүссэн боловч болохгүйг мэдэж байгаа тул миний хүсэл сэтгэл дотор минь л үлдлээ. Бороо харан баясах зуур аль хэдийн 1.40 болчихож ээ. Хэд болж байгааг ч анзаарах сөхөөгүй алгаа тосоод зогсож байхад минь сувилагч орж ирээд: 
-За одоо бороо харж дууссан бол дээшээ мэс заслийн тасаг руу явцгаая. Энэ үгийг сонсоод шууд л сэтгэл минь гонсойв. Анхны бороо орж байхад дуустал нь харж чадсангүй, би үнэхээр азгүй юмаа. Ийнхүү бодоод үүдэнд зогсож буй бүлтгэр нүдтэй, турьхан биетэй сувилагчийг дагаж явахаас өөр аргагүйд хүрлээ. Удаан хараад байхнээ тэр сувилагч нэг л нүдэнд хүйтэн, хөндий харьцаатай мэт санагдав. Яагаад тэгэж санагдсаныг хэлж мэдэхгүй ч гэлээ....... Ингээд өрөөнөөсөө гарахдаа хамгийн сүүлийн удаа цонхруугаа хараад баяртай анхны бороо минь хэмээн сэтгэлдээ шивнэв. Дээд давхарлуу өгсөж байхдаа өөрийн эрхгүй нулимс минь урсаад болсонгүй. Анхны бороондоо л харамссан бололтой. Сувилагч харчихаад: 
-Уйлах хэрэг байна уу? Хамгийн гол нь амьд гарна л гэж бодох хэрэгтэй. Чи залуу байна, хийж бүтээх зүйл ч их байна шүү дээ. Тиймээс хамгийн сайхан мөчөө бодоод л хагалгааны өрөөнд орох хэрэгтэй. 
Би юу ч дуугараагүй. Дуугарахыг ч хүссэнгүй., Борооноос минь салгасан болохоор магад гомрохсон биз.
Хагалгааны өрөө 1. 
Нэг залуухан эмч зогсож байснаа: 
-За тэгэхээр миний дүү энэ орон дээр гараад хэвтээрэй. Юуны өмнө айж болохгүй амьд л гарна гэж бодоорой. Сэтгэлийн тэнхээтэй байж л хүн эдгэрдэг юм шүү дээ. Ингэж хэлж байхдаа тэр эмчийн нүд ямар нэг зүйлийг нуугаад ч байгаа юм шиг хуурамч харагдаж байв. Нүдрүү нь удаан харах тусам нэг л эцэс төгсгөлгүй ангалд унах гэж буй мэт. Гэсэн ч би тэр нүдрүү нь аль болох харахгүйг хичээсээр худлаа л инээмсэглэв. 
Үнэндээ надад дурсаад байх сайхан мөч орж ирсэнгүй. Над шиг хүнд орж ирэх ч үгүй биз дээ. Осолд орсоны дараах 3н хагалгаанд орсон ч гэсэн юугаа ч санаагүй юм чинь. Одоо ч санахаасаа өнгөрсөн биз. Ганцхан борооны дурсамжтайгаа л хамт шинээр дахин амьдармаар байна. 
Эмч: 
-За одоо тариа хийх гэж байна биеэ суллаарай. 
-За 
-Одоо 10-аас 1 хүртэл тоолоорой. 
10,9,8,7,6,5,4,3.... 
Унтчихсан байна. Хагалгаагаа эхэлцгээе. 
-Үгүй ээ. Би унтаагүй байна. (Бие минь хөдлөхгүй хирнээ би тэдний ярьж буй бүх зүйлийг тодоос тод сонсож байв.) 
Хагалгаа эхлээд хэр их хугацаа өнгөрснийг мэдэхүй. Тэгэхдээ нилээд л удсан бололтой. Тэнд байгаа эмч нарын нэг нь гэнэт: 
-Зүрхний цохилт хурдацтайгаар буурч байна. 
-Яаралтай зүрхний массаж хий. 
-1,2,3 
-Зүрхний цохилт буурсан хэвээр л. 
-Дахиад 
-1,2,3 
-Зүрх цохилохоо болилоо. 
-Үгүй ээ. Би үхээгүй. 
-Харамсалтай л юм. Аврах гэж хичээсэн боловч амжилтгүй боллоо. Өнгөрсөн цаг: 
-2.16 мин 
-Би үхээгүй байна шүү дээ. Намайг хэн ч сонсохгүй байна гэж үү? Та нарын ярьж байгааг би бүгдийг нь сонсож байна, би үхсэн байх учиргүй ээ. Гуйя би амьдармаар байна. Надад мартсан бүхнээ эргэж санах өчнөөн зүйл байгаа шүү дээ. 
-Гэрийнхэнд нь мэдэгдээд морг руу зөө. 
-Намайг битгий тийшээ явуулаач дээ. Гуйя...
Намайг лифтээр доош зөөж байна. Би мэдэрч байна шүү дээ. Би үхсэн байх учиргүй. 
-Гэнэт нэг хүн хүлээгээрэй. Энэ хүн 1.40минутанд хагалгаанд орсон хүн мөн үү? 
-Тиймээ. Даанч амьдарч чадсангүй өнгөрчихлөө. 
-Үгүй ээ, тийм байх ёсгүй надад амьдарна гэж амласан биз дээ? 
-Хэн бээ? Би таныг сонсож байгаа ч харахгүй байна 
-Би, би байна шүү дээ. Гуйя нүдээ нээгээч дээ. Хичнээн их хайртайгаа хэлж амжаагүй байхад ингээд яваад өгчихөж болохгүй биз дээ? 
-Уучлаарай. Таныг хэн гэдгийг мэдэхгүй байна. Харахыг хичнээн хүссэн ч гэсэн нүдээ нээж чадахгүй байна. Надад тийм их хайртай байсан гэж үү? Би ч гэсэн танд хайртай байсан гэж үү? 
-Чамайг ингээд яваад өгөхийг мэдсэн бол дэргэдээсээ хэзээ ч холдуулахгүй гараас чинь атгаад үргэлж хамтдаа байх байсан юм. Чин сэтгэлээ хожимдсон хойно ч хэлж байгааг минь өршөөгөөрэй. Чиний надад өгсөн хайрыг чинь ... 
Миний гарнаас атгасан бололтой (үнэндээ би юу ч мэдрэхгүй байна) 
Чиний минь гар яасан хүйтэн юм бэ? Гарыг чинь дулаацуулаад өгөх үү? 
-Гарыг минь бариад хамтдаа алхах хэн нэгнийг хүлээн үргэлж өөртэйгөө ярьдаг байлаа. Яагаад ийм орой ирж байгаа юм бэ? Үнэхээр надад хайртай байсан юм бол эртхэн ирж сэтгэлийг минь бүлээцүүлэхгүй яасан юм sad Хэнийг гэдгээ мэдэхгүй ч өчнөөн их хүлээсэн, үнэхээр их. Гэхдээ чамд баярлалаа, Намайг марталгүй ирсэнд. 
...........
-Уучлаарай авч явахгүй бол болохгүй нь., Хэтэрхий хожимдсон гэдгийг та өөрөө мэдэж байгаа шүү дээ, таныг хичнээн их ярьлаа гээд энэ хүн сонсохгүй ээ. Өөрийгөө дэмий зовоох хэрэггүй. 
-Үгүй ээ, би сонсож байна шүү дээ. Түүнийг надаас бүү холдуулаач дээ 
Гарыг минь үнсэж байгаа бололтой (үнсэх чимээ дуулдана) 
-Чамдаа хязгааргүй их хайртай... Үргэлж чамайгаа дурсан санах болно. Миний сэтгэлийг эзэмдсэн хүн бол зөвхөн чи л байсан шүү. 
Төмөр орны дугуй чийхран дуугарч тэр надаас холдлоо. Сонсох мэдрэхүй минь бага багаар алдагдсаар сүүлдээ би юу ч сонсохгүй боллоо. Одоо л айх гэдгийг бүрэн утгаар нь ойлгож байна. Ганцаардал намайг отон авч би ганцаар үлдлээ. Гэхдээ одоо айхгүй, яагаад гэвэл надад үхсэн ч гэсэн санах дурсамж, хайрлах хүн бий... Хэзээ ч мартахгүй ээ.
бичсэн: XyHT HyyP :) төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 169

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)